Main » 2011 » 5-р сар » 4 » Хоосон амлалтанд хууртсаар л суух уу?
2:54 AM
Хоосон амлалтанд хууртсаар л суух уу?

Айл айлын найр хэсэж "халзан цагаан хонь аваарай” хэмээн хоосон амлаж, өгсөн дугараа бүхнийг нь ховх сорж, уугаад уугаад ханадаггүй, идлээ идлээ гээд цаддагүй нэгэн байх. Ийм хүмүүсийг манай нутагт идэж уухын дон туссан амьтан гэх. Нялх багадаа дайн дажны хөлд өнчин өрөөсөн хоцорсон нэгэн цадаж хэзээ ч үзээгүй гэж ярьдаг. Энэ бүхэн тэдний сэтгэхүйд гарсан өөрчлөлттэй холбоотой байх. Тэд яах вэ ядуу зүдүүдээ тийм зуршилтай болсон байх. Гэтэл өнөөдөр Монголын төр, засагт он удаан жил зүтгэж яваа гэх "товарищ”-ууд огт цадаж ханахаа мэдэхээ больжээ. Ёстой нөгөө муу юмны хорлол болсон гэх үү эсвэл дон шүгэлж дотор хүнээ захирч чадахаа больсон гэлтэй.

Шинэ гэрийн найр, хүүхдийн үсний найр, 85-ны найр гээд ёс заншлаа дагаад идээ цагаа, идэж уух юм элбэг дэлбэг байдаг болохоор ганц нэг нөхөр, нэг хоёр хоног идэж уугаад өрхийн төсөвийг өм цөм сорчихож чаддаггүй юм байна. Гэтэл төр засагт шургалсан нөгөө гайхалууд бол бүтэн 4 жил буюу 1440 хоног өдөр алгасахгүй улсын төсөвөөс шомбодоод байхаар ард түмэн нь өлмөн зөлмөн, ядуу зүдүү болчихдог юм байна. Тэгвэл улсын төсөвөөс өдөр шөнөгүй угжуулж байх "эрхийн мандат”-ыг тэдэнд хэн олгодог билээ? Эргэлзэж гайхах юу байх вэ, сонгогчид бид л олгодог шүү дээ. Монголчууд бид чинь архи уусан арзгар хар юмандаа өдөр болгон шахуу тоосоо гөвүүлж байдаг эхнэр лугаа болчихож дээ. Энэ "товарищ” чинь иддэг уудаг нөхөр шүү дээ гэж ярих мөртлөө "манай намаас нэр дэвшсэн юм” энэндээ л өгье дөө өөр намын хүнд өгөлтэй биш гэх.

Гэтэл нөгөө хайрлаад байгаа намыг нь хэдэн "товарищ”-ууд бүр "мам” болгочихсоныг огт мэдэхгүй буюу мэдэхийг ч хүсэхгүй яадаг юм бэ цөм адилхан "хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гээд сууж байх жишээтэй. Намын тухай бидний бодож, сэтгэж явдаг ойлголт бүр хуучирчээ. Юмжаагийн Цэдэнбалын 40 жил толгойлсон тэр нам шиг л бодоод байх жишээтэй. Тэр хүн 40 жил төр удирдахдаа ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө л гэж явж дээ зайлуул насны эцэст хүний нутагт сольж өмсөх хувцасгүй шахуу байж байгаад нөгөө ертөнцөд очлоо шүү дээ. Гэтэл тэр Африкийн орнуудыг олон жил толгойлсон Египитийн Мубарак, Ливийн Каддафи, Иемейний Али Абадалла Салех, Тунисийн хэн ч улиран сонгогдсон "удирдагч”-дыг хар хэдэн саяар биш хэдэн арван тэр бумаар нь улсаас завшсан хөрөнгөө үр хүүхэд, гэр бүлийнхээ нэр дээр гадаадын банкинд гуйвуулчихсан байх жишээтэй.

Өнөөгийн Монголын төрийн чухал чухал "Мест”-нд улиран улиран сонгогдож, томилогдсон нөхдийг хар л даа ямар байна. Дашдоржийн Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимас” туужид гардаг лугаа ”Дагдангийн эхнэрийн таргалсан зарц Цэрмаагийн турсан хоёр яг адилхан” гэдэг шиг сонгогчид нь "тураад” л байдаг "тураад” л байдаг. 1990 оны эхэнд сонгогчид "Дан дээлтэй гарсан юмсан даардаг болов уу яадаг бол, дандаа л хуралдаж суух юм ядардаг байлгүй хөөрхий” гэж дуулдаг байсан бол өнөдөр "Давхар давхар харштай гэнэ. Халууцдаг л байхдаа хөөрхий. Данагар данагар жиптэй гэнэ бөглөрдөг л байхдаа зайлуул, хуралдаа бараг суухгүй юм” гэж дуулдаг болсон ажгуу.

Энэ бүгдийг түр орхин намын тухай жаахан ярилцъя гэж бодож байна. Яагаад гэвэл нам гэдэг улс төрийн институцээр дамжуулан төр, засгаа сонгодог ёсон хүний нийгмийн түүхэнд гарч ирээд 200 гаран жил болж байна. Хойшид ч бас олон жил үргэлжлэх биз. "Нам бол эрин үеийн нэр төр, нандин чанар, оюун ухаан мөн” гэж Владимир Илич Ленин хэлсэн байдаг. Харин Баабар бол "Нам гэдэг бол засгийн эрхийг авахын төлөө нэгэн зорилгод тэмүүлсэн хүмүүийн нэгдэл” гэж тайлбарлаж байна. Эхнийх нь Юмжаагийн Цэдэнбалын толгойлж байсан намд яг тохирох дараагийнх нь өнөөгийн Монгол дахь улс төрийн намуудад хамаарах тодорхойлолт. Тэр нь зөв, энэ нь буруу тодорхойлолт гэж маргах гэсэн юм биш. Гэвч бас цагийн юм цагтаа гээд орхичихож болохгүй мэт.

Учир юунд вэ гэхээр сонгогч бид чинь сүүлийн 20 жил танай манай нам, чиний миний нэр дэвшигч гэж талцаж, толихоцож мэтгэсээр байгаад тартагтаа тултлаа ядарлаа шүү дээ. Гэтэл нам тэргүүлж төр барилцсан цөөхөн хэдэн бүл хүмүүс тэртээх суманд, энэ аймагт, тэр дүүрэгт, нийслэлд, яам агентлагт, саарал ордонд газар сайгүй хүний өөрийн гэлтгүй хөлжиж, бэлжиж, хөрөнгө зоорь нь зузаарав даа. Энд нэг учир байгаа биз. Ийнхүү улс төрийн намаар халхавч хийсэн хонины арьс нөмөрсөн "боохой”-ууд олшрох болов. Эх орон ард түмнийхээ эрх ашгийг эхний ээлжинд тавьж байя гэсэн С.Зоригийн үг эзэнтэйгээ хамт булшлагдав.

Өнөөдрийн улс төрийн олонхи гэж өөрийгөө зарлаж буй нам, түүний бүлгүүд нь номчирхож улс төр, эдийн засгийн явцуу бүлэглэлд, шуудхан хэлбэл хуулиар хамгаалагдсан бүлэг дээрэмчдэд захирагдах болж тэднийг хамгаалах бамбай болжээ гэвэл та нэг их эмзэглэхгүй байх. Тэд олонхоороо, заримдаа бүр цөөнхтэйгээ үгсэн тохирч шат шатны төсөвийг өөрсөддөө ашигтайгаар хуваарилах шийдвэр гаргаж чадаж байна. Газар наймаалах, лиценц дамлах, тендер зувчуулах, орд газар худалдах, улс орон нутгийн төсөв бүл бүлээрээ гадаад, дотоодод жуулчлах, эмчилгээнд явах, энэний тэрний төлөөлөгч гэж Москва, Бээжин, Сеул, Токио, Алтанбулаг, Замын үүдэд томилох гэгчлэн-ийг үрэн таран хийх эрх ямагт тэдний гарт байдаг болохоор чадаж байгаа юм чинь яадаг юм бэ гэсэн давилуун зангаар хандацгаах болов. Энэ бүхний цаана нам нэрийн дор сүлбэлдсэн эд хөрөнгө эхнэр хүүхдээ ч бараг ялгаж мэдэхгүй болсон хэдэн цөөхөн хүмүүс шат шатны төрийн захиргааны удирдлагад байгааг сонгогчид ухаарцгааж байна.

Тэд боловсон хүчний томилгоо биш тохироогоор төсөвийн урсгалын эргүүлэг болгон дээр өөрийн "найдвартай" товарищийг байршуулж мөнгө сааж, улсын хөрөнгийг хулгайлж байгаа болохоор өнөөдөр Монголд "Авилагатай тэмцэх газар” хэрэггүй болж, хааны татвар эм шиг, оргүй дорхноо орны урьд жомбойж байг гэдэг лугаа болж байна. Энэ чөтгөрийн тойргоос Монголчууд бид мөддөө салж чадах уу. Салж эс чадваас Монгол улс мөхлийнхөө зам уруу орно гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа шүү дээ. Чухам яаж салах вэ? Африкт болж байгаа шиг жагсаж, цуглаж нэг хэсгийнхээ амийг золиж байж хийх үү, эсвэл иргэн хүн та бид ил далд бэлэг сэлт, бэлэн мөнгөн, хоосон амлалтанд хуурталгүйгээр шударгаар саналаа өгч цус урсгахгүйгээр төрөө цэвэрлэж авах уу? гэдэг хоёрхон зам байгаа.

Манжийн дарлалын үед манай дээдсүүд гадныхны өгсөн шан харамжийг хахуульд тооцдоггүй, эзэн хааны хайр хишиг гэж бахархадаг ёсон удамшиж байх шиг байна. Өнөөдөрч гэсэн манай дээдсүүд гадныхнаас авсан шан харамжаараа үр хүүхдээ гадаадад сургаж, өмнөх эхнэрээ гадагшаа цөлж, тэдэндээ өнгөтэй харш, үнэтэй машин авч өгснөөрөө уралдацгааж, түүгээрээ бахарцгааж байгаа тухай ам дамжин шагшицгааж байна. Монголчууд цөөхөн бас сониучхан болохоор Сонгины аманд байшин авах, Санфранцискод харш авах хоёр яг адилхан өдөртөө л дуулддаг болжээ.

Ю.Цэдэнбал МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар 1940 онд сонгогдож байсныг уншигч та лав санаж байгаа байх. Тэгвэл Ю.Цэдэнбалын тэргүүлсэн Монголын төр, засаг 20 жил 1940-1960-ийн дотор Монгол орны эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэндийн салбарт цоо шинээр бүтээн байгуулсан ажил үйлсийг дурьдах юм бол бүхэл бүтэн нэг номонд үл багтана. Харин бид Монголчууд сүүлийн 20 жил 1990-2010-д юуг устгаж үгүй болгосон бэ гээд бичвэл хэдэн боть ном болно. Ялгаа нь үүнд байгаа юм. Энд би социализм, капитализмын тухай яриагүй, улс орноо гэсэн удирдагчийн сэтгэл зүрхний тухай ярьж байна. Ийм удирдагчийг Монголчууд өнөөдөр үгүйлцгээж байна.

Та нарт үг хэлэх, хэвлэн нийтлэх,сонгох сонгогдох эрх чөлөө олгосон, гадаад паспорт гарт чинь атгуулсан, малыг чинь өгсөн, орон сууцыг чинь өгсөн гэж байн байн ярьдаг хүмүүс байдаг. Эргээд сайтар тунгаавал манийгаа молигодчихсон нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг хувийн сонин, телевизтэй цөөхөн баячууд л эдэлж, ард түмэн бухимдахдаа их сайндаа л телевизороо унтрааж байна. Сонгох сонгогдох эрх чөлөөнд 20-50 саяын босго тавьж, эгэл жирийн иргэдийн сонгогдох эрхийг боймлож, хахууль авдаг нь л сонгуульд өрсөлдөнө үү гэхээс бус хар хөлсөө цувуулан шударгаар амьдарч, ажиллаж байгаа иргэнд хүртээлгүй болов. Өмч хувьчлалын цэнхэр ногоон тасалбараар ард түмнээ хошгируулаад өнгөтэй өөдтэй бүхнийг нь өнөөх л хэдэн хүмүүс хуваагаад хүртчихсэн байх. Өнөөдөрч гэсэн ялгаагүй таван толгойн 560 ширхэг хувьцаа нэртэйгээр нь 666 болгочихгүй дээ гэгчээр манийгаа хошгируулж сонгуулийн шоу хийж байна.

Амлалтаар төрийн эрхэнд гардаг аргад дэндүү гаршиж ард түмэн бид ч гэсэн дээ нам нам гэж талцаад билэгийн нүд нь хаагдаж, тав арван төгрөг, тал шуудай нүүрс, атга гурил, шанага будаагаар сонгох эрхээ худалдаад тэднийг бүр давраачихлаа. Одоо тэгээд хичнээн ч гасалж гангинаад яах юм бэ? Сүхбаатарын талбай дүүрэхгүй байнаа гээд л цонхоороо хараад сууж байна шүү. "МАНАН”-гийн засаг мандтугай гэж байгаа хүн бараг алга харин энэ засаг нэг л бишээ гэсэн иргэд Монголоор нэг болжээ. Тэднийг энэ хаврын хахир цагаар бүгдийг нь Сүхбаатарын талбайд ирүүлэх гээд байх хэрэг байна уу? Эрхэм дээдсүүд нэг л үл ойшааж байх шиг. Эсвэл цус урсгаад нуга дарчих нь гэж бодоод байгаа юм болов уу? Ард олон нэг л шийдвэл 180 градус эргэдэг гэдгийг мэдмээрсэн дээ. Хүний өөрийн гэлтгүй нэг л их мөнгө ханхлуулсан, бяр нь амтагдсан хүмүүс байх. "Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” гэдэг шиг үгсэж хавсайдаж, улс орны баялаг, ард түмний өмчөөс зувчуулсан хөрөнгө, мөнгө нь хатгаад байдаг бололтой юмаа.

Нийгмийн ардчилалын үнэт зүйл нь” Эрх чөлөө, Шударга ёс, Эв нэгдэл” гэсэн зарчим дээр тулгуурладаг. Шударга ёсгүйгээр эрх чөлөөтэй байж чадахгүй. Шударга ёсгүйгээр эв найртай амьдарч чадахгүй. Шударга ёс нь улс төрчдийн ёс зүйтэй шууд холбогддог болохоор ёс зүйгүй удирдагч Шударга ёсыг тогтоож чадахгүй. Эртний Хятадын нэгэн хаан өөрийнх нь харъяат муж улсуудын сайд нар улсын сангаас ихээхэн хулгай хийж байгаа тухай зөвлөх түшмэлдээ ярьж, хэрхэх нь зүйтэйг лавлахад мэргэн зөвлөх ХААН ТА өөрөө л хулгай хийхгүй байвал болно гэж хариулсан гэдэг. Удирдагч хүний ёс зүйгүй үйлдэл буруу бүхнийг өдөөгч эхлэл болдог ажгуу.

Ард түмний итгэл шударга ёсон дээр тогтдог. "Шударга ёсгүй бол баячуудын болон дээрэмчдийн томоохон бүлэг хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ?” гэж Ниийгмийн ардчилалыг сурталчлагч томоохон төлөөлөгчийн нэг ГСДН-ын Үнэт зүйлсийн дарга Томас Майер хэлсэн байна. Энэхүү нийтлэлээ Германы ажилчны хөдөлгөөний удирдагч , ГСДН-ын дарга асан Август Бебель1875-1933-ийн хэлсэн үгээр төгсгөе.

Тэрээр ”Хэрэв түүнд өмч байгаад байдал сайжрахгүй бол, хэрэв тэр бусдад мөлжигдөж байгаа бол, хэрэв тэр бүх насаараа борви бохисхийлгүй хөдөлмөрлөсний төлөө гуйлгачин хэвээр нөгөө ертөнцөд халин очих юм бол түүнд ганц улс төрийн эрх чөлөө ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн байдаг. Эдийн засгийн эрх чөлөө ажилгүй албагүй, орох оромж, идэх хоолгүй-гүй иргэн улс төрийн эрхээ эдэлж чаддагүй нь хэнд ч ойлгогдож байгаа байх. Чи л дугар, Чи л бич, Чи л Сүхбаатарын талбай дээр оч гээд бие биенийхээ араар нуугдах гээд хар амиа бодоод байвал муу юм л улам гаарна даа.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 1357 | Added by: Xайртдаа | Rating: 0.0/0
Total comments: 3
0  
3 dog   (2011-05-06 0:44 AM) [Entry]
76 yu yum 76 sum heregtei 2700000 hunii erh ashig gej yum bna odoo boloo sh dee ard tumenii neriin umunuus

0  
2 zochin   (2011-05-04 5:08 PM) [Entry]
estoi vnen shvv owog deedsvvd maani ih ym vldeesen deen harin odoo oodoo tatah bish uruudaj bna hoich vedeen vldeeh ym bgvi boloh wii gej mash ih emzeglej bna

0  
1 urna   (2011-05-04 7:40 AM) [Entry]
n,enxbayr chini estoi ter arabuud shig xeden ter bumaar idej xamag xorongoo gadadad bairshuulsan baixaa.

Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content