Main » 2011 » 5-р сар » 1 » Бурхан гэж байдаг бол надад арай их зовлон үүрүүлээд байх шиг, Би яах вэ зөвлөөч...
7:35 PM
Бурхан гэж байдаг бол надад арай их зовлон үүрүүлээд байх шиг, Би яах вэ зөвлөөч...

Би жирийн л олон хүүхэдтэй айлын бага охин…10-р ангиа төгсөөд их сургууль аваад явах гэтэл манай аав их хатуу хүн байсан болохоороо намайг ээжийгээ харж, асарч өөд болсон хойно яваарай гээд явуулаагүй. Ах эгч нар олон ч бүгд л тус тусын амьдралаа хөөсөн байсан болохоор би гэртээ аав ээжтэйгээ амьдардаг байсан юм. Намайг 9-р ангид байхад манайхаар нутгийн хэдэн улстай хамт нэг ах ирдэг болж надад их сайн хандаад л цаанаа л нэг сонин сэтгэгдэл төрүүлдэг байсан юм. Ингээд 10-р ангиа төгсөөд гэртээ байдаг байхад маань манайхаар байнга ирж намайг өөртөө татсаар байгаад нэг л мэдэхэд би түүнд охин биеэ өгсөн байсан…

Гэтэл нөгөө хүн маань хаачсаныг бүү мэд ирэхээ байж,  би жирэмсэн болсон байлаа. Тэр хүн тухайн үедээ нилээн том местний л хүн байсан юм шиг байгаан. Хүүхдээрээ шахуу байсан болохоор ажил энэ тэрийг нь асууж мэддэггүй л байсан юм шиг байгаан… Би гэнэн сэтгэлээр тэр хүнд итгэж надад хайртай сууна энэ тэр гэдэг үгэнд нь итгээд их л жаргалтай байсан. Манайхаар ирэхээ больсоноос хойш хаягдсанаа мэдэж, бүх юм буруугаар эргэж би жирэмсэн гэдгээ хэнд ч хэлж чадахгүй нууж, ааваасаа үхтлээ айдаг байсан. Ээж маань хүнд өвчтэй ярьж ч чадахгүй асаргааны хүн байсан учраас ямарч арга байхгүй нууж явсаар байлаа. 7 сартай байхад нь манай том эгч ирээд, намайг хараад л жирэмсэн гэдгийг мэдээд ааваас нууцаар дутуу төрүүлж гаргана гэж байгаад больсон боловч, аавд хэлж би гэдэг хүн гомдол цөхрөл гэж юу байдаг, хүнд ашиглагджээ гэдгээ ухаарч уйлахаас өөрийг хийж чадаагүй юм.

Гэвч миний аав ухаантай хүн байсан тул хүүхдээ гарга, үйлийн үрийг үрж барахаас яахав. Эцэггүй хүүхэд гаргаж миний нэрийг хорлолоо гэж баахан загнаж байгаад өнгөрсөн. Нэг удаа их гэдэстэй байхдаа биеэ үзүүлчээд, аймгийнхаа захиргаагаар ажил хөөцөлдөөд нэг өрөөгөөр шагайтал нөгөө хүн маань нээх том дарга сууж байсан ч намайг хараад шууд нүүрээ буруулж энүүгээр ингэж гэдсээ чирч явахаасаа ичээч гэж хэлэхэд надад маш их гомдолтой санагдаад эргэж уулзахгүй гэж бодоод уйлаад гарсан. Манай ээж эгчийг дагаад хөдөө явж аав бид 2 үлдсэн байлаа. Аав их архи уудаг хүн байсан юм, би шөнө өвдөхөд аав согтуу би яахаа мэдэхгүй уйлж хажуу айлынхаа эгчийг дуудаж эмнэлэгт хүргүүлж шөнөжин мөлхөж байж өглөө төрж охин гаргасан юм. Хөөрхий аав минь сандрахдаа дэлгүүр хаалттай байсан тул гэрт байсан нээх их хар эрээн цэцэгтэй эрээн даавууг жижиглээд аваад очиж билээ. Би тэгэхэд дөнгөж 19-хөн настай байсан юм.

Ингээд гэртээ гарч ээж минь хэлгүй мөртлөө ихэд баярлан хөдөөнөөс ирж намайг төрсөнд баярлаад уйлж угтсан юм. Хүүхэд маань торниж байтал аав маань туж агсан тавьж хүүхэдтэй маань хөөж тууж, би гэдэг ямарч орлогогүй хүн аргаа барж амьдрал улам л хэцүү болсон доо… Аав маань тэтгэвэрээрээ архи уугаад авчирч өгөхөө ч байж, ах эгч нар ч гэрээр ирэх нь багасаж бид 4 хоногийн хоолоо арай л гэж залгуулж байтал манай бага ах эхнэрээсээ салж бас нэг нялх хүүхдээ авчирч хаячаад явчихсан… Миний дээд талын эгч надтай ойрхон төрсөн байж байгаад хотоос ирж байх хугацаандаа намайг зөндөө загнаж, аргадаж ухааруулсан ухуулга хийж, чамаар хүн тоголж байхад чи ямар тэнэг юм, тэр хүн өдийд инээгээд юу ч болоогүй мэт явж байгаа, яагаад хүний хүүхдийг гаргачаад эцэгт нь хэлэхгүй байгаан гэх мэтээр ятгаж байгаад нэр, ус, ажлыг нь хэлүүлж нэг өглөө эрт гэрт нь очсон…

Гэтэл тэр хүн эхнэртэй байсан ч хүүхэдгүй  байсан юм билээ. Манай эгч дуудаж гаргаж ирээд учир явдлыг хэлж эхнэрт чинь хэллээ гэж дарамталж байж надтай уулзуулахаар тохирч чадсан байсан. Тэр үед охин маань 2 сартай болж байсан… Ингээд гэрийн ойролцоо охиноо тэврээд хүлээж байтал аав нь ирж миний санаж байснаас харин ч өгөөмөр хандаж охиноо тэврээд салахгүй уйлж байсан…Түүнээс хойш байнга гэрийн гадаа ирж охиноо харж эсвэл бага хугацаагаар аваад явдаг болсон… Гэвч юу ч өөрчлөгдөхгүй хэвээрээ л байсаар охин 8 сар хүрч манай аав, эгч нар хүүхдийг нь өг гэж ятгах болсон… Нэг удаа ирэхэд нь би хүүхдээ аваарай гэж хэлсэн чинь. Би эхнэрээсээ салсан аавтайгаа амьдарч байгаа яаж нялх хүүхэд маллах вэ дээ. Гэхдээ чамтай суухгүй гэж хэлээд явсан…Тэрнээсээ хойш нээх удалгүй жолоочтойгоо, бас өөр 2 залуутай давхиж ирээд манай эгчийнд 3-уулаа оччихоод ирье гээд аймгаас их хол давхисаар нээх олон хүүхэдтэй эгчийнд нь бүүр хөдөө ирсэн юм… Тэнд хоол унд идээд өдөржин байж байгаад явах гээд охиноо хөхүүлчээд аваад гарах гэтэл 2 залуу намайг охиноос салгаж машинд хүчээр суулгаад 2 талаас барьж, охины аав урд нь суучаад -Охин энд үлдэнэ чи хүүхдээ ав гээ биз дээ, одоо ингээд авч байгаа нь энэ гээд охиныг эгчдээ орхиод шууд давхисан…

Би уйлж цамнаад ч чадал хүрэхгүй байсаар гэрийн гадаа маань бараг л машинаас түлхчээд явсан… Уйлсаар ортол ээж гараа сарвалзуулаад охиныг нэхэж орилоод эхэлсэн. Ямар хэцүү аймаар байсаныг одоо бодохоос элэг эмтрээд байдаг юм… Аав маань намайг аргадаж миний охин хатуу бай, эргэж битгий яв, эцэг нь авсан юм чинь алчихвал л гэж гээд намайг хааш нь ч гаргахгүй хорьж сүүгээ саасаар байгаад ширгээж, эх үр хагацах ямар байдгийг биеэрээ мэдэрч тамд байгаа юм шиг л нэг хэсэг элий балай шахам болсон… Тэрнээс хойш охиноо өөр дээрээ авчирсан байхдаа гэнэтхэн л  хүүхэд чинь өвдөөд байна, шээсийг чинь уулгах хэрэгтэй байна, хурдан ир гэж дуудаад яваад очихоор хүүхэд байхгүй ганцаараа байж байдаг байсан, намайг  ашиглах санаа агуулж л дуудаж байсан байх. Би сүүлдээ итгэхээ байж дуудахаар нь дахиж очихоо ч байсан. Тун удаагүй нөгөө хүн нилээн баян айлын өөрөөсөө эгч хүүхэнтэй сууж охиноо аваад надад дахиж харуулаагүй өөр тийш шилжиж зугтсан юм… Би цагийн аясаар арай дээр болж ажил хийж овоо байтал ээж маань нас барж аавтайгаа үлдсэн… Гэтэл нэгхэн сарын дараа аав маань өөд болж зовлон гэж юу байдгийг ханатлаа амсч байх тэр үед нэг залуу надад их тус нэмэр болж дотноссоор бид 2 нэг гэрт орж 2 жилийн дараа хүүтэй болсон юм. Манай хүн ажлаа хийж би хүүхдээ өсгөж мэргэжилгүй ч гэсэн өөрт тохирсон ажлаа хийж амьдрал овоо байтал нөхөр архи ууж, агсан тавьж, намайг зоддог болж энэ амьдрал маань 5 жил үргэлжилсэн…

Амьдрал нэг л хэвийн байсан даа. Ингэсээр би 26 нас хүрч хүү маань ч овоо том болсон… Би удаан бодсоны эцэст нөхөртөө ч хэлэлгүй конкурс өгсөн чинь улсын сургуулийн хуваарь авч, явна гэж  тас зүтгэсээр байгаад хүүгээ аавд нь орхиод, өнчин гэдэг утгаар буцалтгүй тусламжаар төлбөрөө хийлгэх болж баяр хөөр болж билээ… Миний талд юм бүхэн дандаа л эсрэгээр байж, зовж, зүдрэх дуусахгүй л байлаа. Энэ үеэр охины аавын утсыг санаандгүй олоод  би ээж нь байна аа гээд мессэж бичсэн чинь юу гэсэн гэж санана… Нялх үрээ төөрүүлсэн гөлөг шиг хаясан байж одоо юу яриад байгаан тийм хүн танихгүй гэж хариу бичсэн… Арай гэж хотод ирээд суух айл ч байхгүй нөхрийнхөө ахынх нь хадмынд нэг жил суух гэж өлсөж цангахыг үзэж, хүний царай харж нэгдүгээр курсээ төгслөө… Нөхөр мөнгө төгрөг ч явуулахгүй ихэнхдээ холоос хичээлдээ алхаж, их л зовсон доо. Айлын ус зөөж, галыг нь өглөө үүрээр түлэхгүй л бол аяга хоол ч өгөхгүй л шахам байж билээ… 2-р курст ордог намар нөхөр маань барьж байсан байшингаа зараад араас хүүтэйгээ ирж айлын хашаанд гэр барьж нэг жил амьдарсан хэдий ч, хөдөөний хүн хотод ирээд ааш авир нь хувирч улам л дарамт болж эхэлсэн.

Би хүүгээ эгч нар луугаа явуулж зовсон ч ганцаараа зовъё гэж шийдсэн юм… Миний сурлага муудаж багш нар оройтож орсон оюутан байж олигтой юм сурсангүй гэж загнаад арай л гэж 2-р курсээ дүүргэж, нөхөр ч тар нь танигдаж элдвийн хүүхэн шуухан, архи дарсны асуудал, зодоон цохион гээд улам л тэнэгтэж эхэлсэн… 2-р курс төгсчөөд зун нь хөдөө байдаг нөхрийнхөө дүүгийнх нь олон малтай хадмынд үнээ, гүү, сааж хийж үзээгүй юмаа хийж үзэж намрынхаа хэрэглээний мөнгийг олж билээ. Хичээл орох дөхсөн тул хотод үлдсэн нөхөр болоод гэртээ ирэхдээ сэтгэл санаа арай уужирч сайхан амьдрал мөрөөдөөд иртэл…

Гадаад явж ажил хийх гэж байгаа, сайн сууж байгаарай гээд гэрээ зарсан намайг хүлээгээд байж байсан. Би тэнэг амьтан биш дээ эрх биш 2 жил номын дуу сонссон хүн байна үзэл бодол өөр болж, одоо бол яадаг ч байсан энийг гуйж царай алдахгүй гэсэн бодол төрж, харин ч дотроо баярлаж, гэрээ зарсан мөнгөө хувааж аваад оюутны байранд орлоо… Би бас хатуу сэтгэлтэй хүн ч юмуу нөхрийгөө гадаад явтлаа хүүхдээ аваад яв гэж хэлээд хүүгээ өгөөд орхисон \Эрдэнэтэд байж байгаад явна гэхээр нь\… Дараа нь явуулчаад араас нь маш их уйлж шаналж билээ… Тэгтэл юун гадаад явах манатай 3-хан сарын дараа хүүхдээ ав, би цуг авч явна гэж хэлсэн хүүхнийдээ амьдарч байтал намайг хааш нь ч гаргахгүй гэрт хориод хүүг маань 24-н цэцэрлэгт өгчөөд байгаа гэж тэнэгтэж байгаан даа. Миний охиноосоо салсан үе минь бодогдож хүүгээ л хурдхан авах минь гэж бодоод хүүгээ авчруулсан…

Оюутны байранд хүүхэдтэй оюутан байлгахгүй гээд бөөн хэл ам гараад байхаар нь эгч нарынхаа нэгнийх рүү явуулж сэтгэл жоохон уужирч байлаа… Одоо надад орон гэр, нөхөр ч алга, амжилттай сурах л хэрэгтэй гэсэн бодол төрж хичээлдээ шамдсан. Энэ хугацаанд надад ах эгч нар олон байсан хэрнээ нэг нь ч надад 100-н төгрөг явуулж байсан удаагүй, намайг бараг мартсан байсан даа… Би хэдий азгүй хүн байсан ч сэргэлэн цовоо, хөгжилтэй, тусч, хэнтэй ч аятайхан харьцчихдаг, одоогийнхоох бол сайн энергитэй, царай зүсээр ч нэг их хүнд гологдоод байхааргүй, унжгар ноомой, унхиагүй нэгэн биш байсан  \хэ хэ\ ангидаа арай ахмад оюутан тул, ангийн даргын ажил хийж аажимдаа хичээлдээ сайжирч, эчнээ оюутнуудын хичээл болон диплом энэ тэрийг биччихдэг, ер нь л толгойгоороо өөртөө хэрэгцээт мөнгөө олоод байдаг болсон байлаа. Тэр жилийнхээ цагаан сараар сураг сонссон чинь нөхөр маань огт өөр хөдөөний хүүхэнтэй суугаад, аав ээждээ золгоод явж байна гэж дуулаад жоохон сонин санагдаж байсан ч араас нь хөөе, хаая гэж уйлж унжаагүй тэр чигээр нь орхисон юм.

Байранд амьдрахад сайн муу их юм сурсаан, миний үеийн хүүхнүүд нэг 2 байдаг байсан ба тэд их уух дуртай байлаа. Би гэдэг хүн аав архи уудаг, нөхөр архи уудаг байсан болохоор архийг үздэггүй байсан ч олны олон ятгаад, шахаад байхаар амсаад өгдөг байлаа. Хүн өөрийгөө таньж мэдэхгүй л болохоос өөрт нь ямар чадвар байгааг мэддэггүй юм билээ. 3-р курст сурч байхдаа би санаандгүй төрийн нилээн томд тооцогдох байгууллагад давхар ажиллах боломж тохиож тэндээс их юм сурч, нүд тайлагдаж, шал өөр үзэл бодолтой, өөртөө итгэлтэй нэгэн болж хувирсан…

Гарын таван хуруунд тооцогдох хүн мэддэг  нарийн мэргэжилийн судалгаа хийж тэрүүгээрээ мөнгийг сэтгэл зовох юмгүй олж, бүр өөртөө ч итгэхгүй байлаа. Хүүдээ хүртэл сар бүр мөнгө явуулж байсан… Манай хүргэн ах бүр давраад туж мөнгө нэхдэг байсан гээд бод доо… Энэ хугацаанд нөгөө охины аав тэр 2-с огт сураггүй байсаар би ч сүүлдээ мартагнах шахаж байлаа… 4-р курстээ мөн л байрандаа сууж, төгсөхдөө магистрын урилгатай, улаан дипломтой төгсөж, найз хүүхнүүдийн далбаанд багагүй хааяа, хааяахан пиво гэдгийг уучдаг болсон байсан… Ингээд сургуулиа төгсөөд төрийн байгууллагын нилээн том суудал дээр ажилд орсон юм… Энэ үеийг би өөрийнхөө амьдралын хамгийн сайхан үе гэж боддог… Энэ үеэс миний амьдрал сайжирч хүн болгон л саймшраад, гадуур 2 өрөө байр хөлсөлж, хүүгээ авчирч сургуульд суулгаад 2-уулаа их л жаргалтай байж эхэлсэн…

Нөгөө мартаад байсан ах эгч нар миний дүү гээд л туж ирдэг, оюутан хүүхдүүдээ бүгдийг нь над дээр байлгаж, тааруухан амьдралтай эгч ах нарыгаа өөрийнхөө хэмжээнд харж үзэж бараг тэжээж эхэлсэн. Ажилаа хэнээс ч дутахгүй хийж, өөрийнхөө эзэмшсэн чадвараар мөнгө ч их олж байлаа… Энэ хугацаанд би охинтойгоо уулзаагүй олон жил өнгөрсөн байлаа. Уулзах ч боломж байгаагүй сүүлдээ дотроо битүүхэндээ охиныхоо аавд баярлаж явдаг байлаа… Тэр үед охиноо аваагүй байсан бол би өдийд ямар хүнтэй суугаад яаж ч зовж явах байсийн билээ гэж… Шилжиж очсон газрынхаа баячуудын тоонд ордог, сайхан амьдардаг, дахиад 2 хүүхэдтэй болсон гэнэ гэж дуулаад л явдаг ч айлын амьдрал үймүүлэлтэй биш том болохоороо уулзах байх гэж найдаад л байдаг байлаа. Би ажлаа хийдгээрээ хийж цаг хугацаа өнгөрсөөр байлаа. Хүү маань ч овоо том боллоо… Нас ч 30 гараад ирэхийн цагт нөхөргүй байгаадаа дотороо гомдож явдаг ч өмнөх амьдралаа бодохоор эр хүн зэвүүн санагдаад байдаг болцон байсан…

Энэ хугацаанд ажлынхаа нэг хүнтэй нилээн дотноссон хэдий ч, тэр хүн эрдэм номын мөр хөөсөн даруухан, юманд нилээн ул суурь нухацтай ханддаг, нэр хүндтэй залуу байлаа. Надтай юу юугүй сууна энэ тэр гэдэггүй тэгсгээд л хааяа уулзахаас хэтэрдэггүй, би ч 2 хүүхэдтэй гэдгээ нуудаггүй байсан. Нөхөрт гарах хүсэл ч надад төрөхгүй  байсан юм… Амьдрал үргэлжилсээр… Зовж шаналах юмгүй сайхан байна аа… Олон оюутан тэжээж, зулгаах хүн олон болсон ч миний үүрэг мэт санагдаж тэрэндээ ч нэг их түүртдэггүй байлаа… Гэтэл нэг өдөр гудманд алхаж явтал яг миний хажуугаар охины аав зөрөөд өнгөрлөө… Миний зүрх газар унах мэт пал гээд л дэлсээд ирсэн. Намайг танихгүй байсан байх л даа, аргагүй ээ 14 жил өнгөрсөн юм чинь… Би тэр чигээр нь явуулчихаж чадалгүй араас нь дуудтал эргэж харсанаа дахиад цааш алхлаа… дахиад дуудтал харж харж байснаа над дээр ирж удаан ширтэж зогссоноо… Би чамайг нүдээр чинь л танилаа гээд намайг тэврэн авч уйлж эхлэхэд би балмагдаж, дагаад уйллаа…

Тэгж нилээн зогсоод хоёулаа нэг газар орж нэг нэг пиво авч ярьж суулаа… Миний гайхалыг төрүүлсэн юм юу вэ гэвэл тэр хүн миний гарыг огт тавихгүй, би чамд хайртай гээд л үнсээд байсан… Надад зүүд мэт санагдаж юу л болоод байна даа гэж бодогдохоос өөр юм санаанд орохгүй байлаа… Сүүлдээ 2-уулаа нилээн ууж байгаад манайд очлоо. Миний хүүг хараад надад их гомдож байгаа болтой, чи миний охиныг голчоод өөр хүний хүүхдийг болохоор гаргаад өсгөсөн юмуу гэж асуулаа. Хүүхдийн буруу байхгүй ээ. Наадах чинь бас л эцгийн хайр үзээгүй шахуу амьтан гэж би хүүгээ эрс өмөөрч билээ… Энэ өдрөөс эхлээд дахиад л миний амьдрал там болж хувирсан… Охины аав архи ууж согтохоороо туж манайд ирж хэвтчээд салахаа байж, эхнэр хүүхэд нь хойноос нь утасдаад надтай байгаад байгааг мэдчээд хэцүү юм болж эхэлсэн… Би тэр хүнийг тас хөөгөөд явуулмаар байсан ч охиныг минь надад ингэж байгаад ганц ч болов харуулах байх гэж найдаад хөөж чадахгүй байсан юм…

Тэгтэл юун охиныг харуулах ч шинжгүй, хотод ирэхээрээ л гэрт ирж архидаад, бүр даварч эхэлсэн… Би тэдний эхнэрт ямарч буруу муу үг хэлэх эрхгүй гэж бодож явдаг байлаа, миний охиныг улаан нялзрай шахуу байхад нь аавтай нь сууж өөрийн хүүхэд шиг өсгөсөн болохоор буруу зөрүү юм ярьж чаддаггүй байсан юм.Охины аав болохоор чамайг төрсөн эхийгээ гэж мэдэхгүй хүүхдийн сэтгэл санаа үймүүлээд амьдралд нь хар толбо суулгачихна гээд барааг нь ч харуулахгүй байгаа мөртлөө ирээд салахаа байсан… Гэтэл эхнэр нь намайг утсаар янхан, банзал, чиний хүүхэд биш, би чамд хөрөнгөнөөсөө өгөхгүй, наад архичинтайгаа  амьдар энэ тэр гээд миний санаанд ч орж байгаагүй үг хэлээр доромжилдог болсон.

Тэгэхээр нь би охиноо аваад салаад ир, хамтдаа амьдарья, 2-н хооронд ингэж байцгаагаад яахав гэхээр үгүй гээд, тэгсэн хэрнээ нойтон хамуу шиг зууралдаад салахгүй байлаа. Сүүлдээ эхнэр нь охинд маань миний утсыг өгөөд янз бүрийн үг зааж өгч, төрүүлсэн хүүхэддээ доромжлуулах болсон… Сүүлдээ арга барагдаад хөөж туугаад дийлдэхгүй болохоор нь утас, байраа сольж байж овоо байдал намжиж ирэхээ байсан… Юун охинтой уулзах тухай ч бодохоо байж бараг үзэн ядаж эхэлсэн… Намайг арай хэтэрхий нийлж доромжилж байсан…

Тэгээд би ер нь нөхөртэй л болохгүй бол болохгүй юм байна, бас намайг дээрэлхэж, элэг барьж байна гэж ойлгоод ажлынхаа залуутай арай дотно байхыг хичээх болсон… Миний хүүгийн утсанд хүртэл ээж чинь янхан энэ тэр гэж охиноос мессэж ирж, намайг доромжилж болох ямар л арга байна бүгдийг хэрэглэж байсан. Тэр үедээ хүүхэд юм чинь тэгж л байг аргагүй, намайг эхийгээ гэж мэдэхгүй юм чинь гэж бодоод чимээгүй л тэсээд байлаа… Байраа солиод овоо ирэхээ байгаад, би ч нүүр өгөхгүй, ухаантай хүүхэд бол том болоод эхийгээ гэвэл гээ, гэхгүй бол гомдох ч юм алга гэж шийдчээд байсан юм… Энэ хугацаанд нөгөө залуутайгаа харьцаа сайжирч би дахин жирэмсэн болж, нэг гэрт ороод одоо удаагүй байна. Бидний дундаас 2 ихэр хүү төрж, унах унаа, орон байртай боломжийн сайхан аз жаргалтай амьдарч байна…

Миний үйлийн үр дуусах болоогүй бололтой, том хүүгийн маань аав болох нөгөө гадаад гарна гээд өөр хүнтэй суусан 2 дахь нөхөр маань аваарт ороод нас барчлаа… Хүү маань нэг их цуг өсөөгүй хэдий ч хямарч хэцүү байсан болохоор аль болох ая тааваар нь байлгахыг хичээх болсон… Цаанаа л аавыгаа үгүйлээд байгаа юм  шиг байна… Хүүхэд болсон хойно мартагнах нь амархан юмуу зайлуул одоо арай дээр байгаа… Сүүлд суусан хүн маань архи дарс, тамхи энэ тэр огт хэргэлдэггүй сайн хүн учраас бидний дунд элдвийн хэрүүл тэмцэл байхгүй сайхан байна… Тэгтэл охины аав сүүлд суусан нөхөр лүү маань туж утасдаж \утсыг нь олоод\ ална тална гэж дарамтлаад байх боллоо. Сая нэг миний азгүйтэл, үйл лай нэг юм нимгэрэх нь гэж бодоод урт амьсгаа автал тэр хүн ингээд байх юм… Одоо би яах вэ?

Надад зөвлөгөө өгөөч хүмүүс ээ… Энэ нөхөр маань уужуу сэтгэлээр намайг ойлгож юу ч хэлэхгүй байгаа ч гэсэн тэр хүн арай гэж тогтсон амьдралыг минь дахин баллаж хаях гэж байгаа юм шиг санагдаад нойр ч хүрэхээ байлаа… Нэг хүнд ийм их үйл байдаг бол минийх арай л ихэдчээд байгаа мэт санагдаж бурхан тэнгэр гэж байдаг юм бол тэдэнд гомдож л сууна… Уул нь эх эцгээ гар дээрээ өргөж өнгөрүүлсэн хүнд зовлон бага л байдаг гэж манай Монголчууд ярьдаг, юу нь болохоо байчаад ийм хатуу амьдралтай үргэлж нүүр тулж байгаагаа мэдэхээ ч байлаа… Үнэтэй зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна, эс чадвал хараал зүхэлийн муу муухай үг битгий бичээрэй гэж гуйж байна…

Category: Сэтгэлийн үгтэй захиа | Views: 776 | Added by: taatai | Rating: 0.0/0
Total comments: 1
0   Spam
1 uusha   (2011-05-06 1:57 PM)
ta uneheer aguu hun yumaa ta setgeliin hadtai hun yum zowsonii etsest jargan gedeg shdee ta udahgui jargana gdg bi bolon tanii zahiag ushsan hun bur itgej bgaa tanid zuwulhud lam buuguur ywj huuchin nuhuruu holduulsan ni deer bhaa lam buu nar ene zergiin yumiig bol argalchih ni bhaaa za za amjilt odoo tanii amidral zowoh zowlon bhguieeee bugd duussan odoo jargah l uldleee

Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content