Main » 2011 » 5-р сар » 4 » Монгол төгрөгийг юу царцаагаад байна вэ?
2:56 AM
Монгол төгрөгийг юу царцаагаад байна вэ?


-Импортлогчид таатай, экспортлогчдод ашиггүй энэ байдлыг эдийн засаг өсч байна гэж үзэж болохгүй нь- 
Их, бага хэмжээгээр чангарсаар ирсэн Монгол төгрөгийн ханш бас л хэлбэлзэлтэй байна. Байдлаас харахад уул уурхайн ажил сэргэж, ноолуурын бэлтгэл, аялал жуулчлал ихэсэх зэрэг эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гаднаас валютын нийлүүлэлт эрс нэмэгдэхэд дотоодын мөнген дэвсгэртийн ханш чангардаг.

Ингэх нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэ буурах, эсвэл эсрэгээр экспортын үнэ доошлох (энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд таагүй) зэргээр манай эдийн засагт эерэг, сөргөөр нөлөөлдөг. Энэ мэтээр ханшийн өөрчлөлт олон зүйлийг илэрхийлж байна. Эдгээрийн тайлбар юу байна вэ?

Нэг. Онцгой байдал үүсвэл арга хэмжээ авдаг

Мөнгөний гол бодлогыг барьдаг Төв банкны зүгээс "Валютын ханшийн өөрчлөлт зах зээлийнхаа жамаар буюу эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар тоггож явах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлдэг. Монгол төгрөгийн ханш ам.доллар болон гадны бусад валютын эсрэг бага зэрэг чангарч байгаа нь валютын урсгал ихэсдэг улирлын онцлогтой холбоотой гэсэн тайлбар өгч байна. Ингэхдээ Төв банк үүнийг ханшийн онцгой хэлбэлзэл гарч байна гэж үзэхгүй байна.

Тэгэхээр ханшийн өөрчлөлтийн хэлбэлзэл бас үүрэг, нөлөөтэй, нэг юм хэлээд байдаг аж. Жишээ нь, манайд монгол төгрөг чангарлаа гээд байгаа нь ам.доллар хоёрын хооронд 10 төгрөгийн ханшийн өөрчлөлттэй явж иржээ. Тэгвэл нэг ам.доллар 1400 орчим төгрөг байгаад тэр нь гэнэт 20-30 төгрөгөөр дээш ахиж өөрчлөгдвөл аюултай болж, нөгөө онцгой хэлбэлзэл гээч байдал үүсдэг байна. (Энэ бол мэдээж Төв банкны нэрлэсэн, албан ёсны ханшаар бодоход тэр шүү) Үүнийг банк, санхүүгийнхэн "савлагаа” гарч байна гэж нэрлэн үздэг аж.

Ийм нөхцөлд буюу хэрэв төгрөгийн ханш ийнхүү онцгой байдлаар огцом чангарч валютын ханш хэт ихээр хэлбэлзээд ирвэл яах вэ?
Нэг бол интервенц буюу валютын нийлүүлэлт хийж, нөгөө бол арилжааны банк хооронд валютын дуудлага худалдаа явуулдаг аж. Монголбанкны зүгээс ийм хоёр арга хэмжээ авдаг байна. Бид сүүлийн аргыг хэрэглэж байгаа гэсэн хариуг Төв банкныхан өгөх жишээтэй.

Банк хоорондын валютын дуудлага худалдаа нь нийлүүлэлтийг бага ч гэсэн хангаж савлагааг багасгаж эрэлт хэрэгцээг зохицуулах гэсэн зорилготой юм байна. Бусдаар бид хүмүүсийн яриад байдаг шиг валютын зах дээр их хэмжээний амдоллар гаргаж "зардаггүй” гэсэн тайлбарыг албаныхан өгч байна. Валютын дуудлага худалдаагаар өдөрт хэдэн зуун сая ам. доллар эргэлддэг гэнэ.

Хоёр. Эсрэг, эерэгийн зөрчил

Хэрэв дуудлага худалдаагаар валют гүйхгүй, худалдаа зогсоход хүрвэл энэ нь эрэлт нийлүүлэлт хэвийн болжээ гэсэн үг аж. Тэгвэл төгрөгийн ханш цаашид ингэж үе үе чангараад байдаг цаад "утга” юунд байна вэ?
Үүнийг мөнгө, санхүүгийн мэргэжилтнүүд болон эдийн засагчид манай эдийн засгийн онцлогтой шууд холбож байна. Тодруулбал, эхэнд өгүүлсэнчлэн гаднаас орж ирж буй их хэмжээний  гадаад  валютын  урсгалтай холбож байна.

Жишээ нь, урин дулаанд барилгын ажил эхлэхтэй нь зэрэг гаднаас материал их татаж оруулж ирдэг. Энэ нь бид өөрсдөө юм үйлдвэрлэхгүй байгаагийн "зовлонгийнх”.

Уул уурхайн сезон жигдрэхтэй нь зэрэг гадаадаас бөөн техник мөн оруулж ирдэг. Түүнийг бас л бөөн доллараар авдаг. Гэрээгээ ч ингэж хийсэн байдаг. Ноолуурын бэлтгэл эхлэхтэй нь зэрэг урд хөршийнхэн цүнх цүнх валюттэй орж ирээд түүхий эдийг маань түүгээд авдаг.

Оюутолгой, Тавантолгойн ордуудыг ашиглаж эхлэхтэй нь зэрэг валютын урсгал манайхыг чиглэн нэмэгдэж байна. Ингээд үзэхээр импорт ихээр хийж байгаа нь эдийн засагт ашигтай мэт. Гэвч валютын их урсгал Монгол төгрөгийг маань чангаагаад байгаа нь үйлдвэрлэн бүтээгээд болон зэс, алт, жоншоос аваад бэлнээр гадаадад гаргадаг манай экспортлогчдод орж ирэх орлого багасч муугаар нөлөөлж эхэлдэг.

Манайд орж ирж буй гадаадын валютын гол урсгал ам.доллар болон юань байдаг болохоор бусад валютын ханш хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Мэдээж хэрэг төгрөгийн ханш хэт чангарвал экспортлогчдын орлого буурч дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар доройтдог гэгчлэн сөрөг нөлөөтэй л юм хойно хэрвээ төгрөг хэт чангарвал Төв банк арга хэмжээ авна л гэж найдахаас.

Гурав. Валютын хадгаламж буурчээ

Тэгэхээр үндэсний мөнгөн тэмдэгт Монгол төгрөг маань тамир тэнхээ сайтай мэт байгаа нь эдийн засгийн цэвэр өсөлтөөс болоод байгаа юм биш, түүнтэй холбоогүй болж таараад байна. Үүнийг эдийн засагчид юу гэж тайлбарлаж байна вэ?

Манай монголчуудын хувьд үнэндээ алт зэсээс өөр экспортлох зүйл ховор. Тиймээс дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өндөр байгаа нь зүгээр л нэг тайвшрах боломж олгож байна.

Байгалийн баялагтаа хэт шүтсэн эдийн засагт гадаад валют үерлэдэг. Ийн хэрээр түүний эрэлт нийлүүлэлтийг ухаалагаар зарцуулж чадахгүй бол эдийн засаг "Голланд өвчин”-д нэрвэгдэж тэр нь улам сэдэрч импортын дайрлагад дотоодын үйлдвэрлэгчид "цохиулдаг” гэдгийг эдийн засагчид сануулсаар.

Дээрх тайлбар, байдлаас үзэхэд хэрэв Төв банк гадаад мөнгөний энэ их урсгалын эрэлт, нийлүүлэлтэд олигтой арга хэмжээавахгүй бол төгрөгийн ханш цаашид ч чангарсаар байх нь. Энэ мэдээлэл валютаар зээл авсан хүмүүст бол мэдээж таатай сонсогдож таарна. Харин үүнийг Монголын уул уурхайн салбарын сэргэлт хэмээн "цагаатгаж” болохгүй нь харагдаж байна.

Валютын ханш өсч буурахад нөлөөлдөг бас нэг зүйл бий. Тэр нь хадгаламж. Энэ нь хэдийгээр иргэдтэй холбоотой зүйл мэт боловч мөн л эдийн засагт нөлөө татна. Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд хоёр триллион орчим монгол төгрөгийн хадгаламж байдаг ажээ. Өнгөрсөн хугацаанд гадаад валютын тэр дундаа ам.долларын хадгаламжийн хэмжээ бага зэрэг буурчээ. Энэ нь бас л монгол төгрөг чангарсных.

Иргэдийн хувьд Монголбанкны албан ёсны ханшийг эс тооцвол "Найман шарга” захад ам.доллар, монгол төгрөг хоёрын хооронд 10 төгрөгийн хэлбэлзэл гарахад л түгшүүрлэж эхэлдэг. Гэтэл үүнийг арилжааны банкныхан болохоор 5-10 төгрөгийн хэлбэлзэл бол нэг их савлагаа биш гэх. Харин дахиад улс орны хэмжээнд эдийн засагтай холбон ярих юм бол гадаадаас нийлүүлэгдэж буй их хэмжээний валютын урсгал эргээд инфляцид жин дардаг.

Ингээд тооцоолж үзээд байвал төгрөгийн ханш чангарах нь манайд олон сөрөг үр дагавар авчирч байна. Нэг ёсондоо импортлогчдод таатай, экспортлогчдод ашиггүй энэ байдлыг эдийн засаг өсөөд байна гэдэгтэй холбон үзэж болохгүй нь. Банк, санхүүгийнхний дунд "царцах” гэдэг нэг үг хэллэг бий. Үүнийг валютын ханшийн өсөлт, бууралт дээр авч үзвэл монгол төгрөг хичнээн чангарсан ч цаашаа хөдөлдөггүй, банк, санхүүгийнхний дээрх хэллэгээр "царцчихдаг” байна.

Үүнийг махчилж ойлговоос монгол төгрөг чангараад байгаа нь Монголын эдийн засгийн хүчин чадал, өсөлттэй холбоогүй, зөвхөн гадаадаас орж ирж буй гадаад валютын их хэмжээний урсгалаас шалтгаалсан хэрэг болж байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 1483 | Added by: Xайртдаа | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 DSCSD   (2011-05-05 11:34 PM) [Entry]
SAIN MEDEELEL BN HAANAAS HEN GEDEG HUN BICHSEN YUM BOL

Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content